Tuesday, March 12, 2013

3-р сарын унших эх


1. Уучлах гэдэг ухааных

    Дунд сургуулийн нэг багш сурагчиддаа нэгэн туршилтад оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь "амьдралын" гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг 5кг төмс, 1 гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийнхаа чухам яах гэж байгааг нь огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.  Багш анги руугаа ороод өөр рүү нь асуусан  нүдээр харах сурагчиддаа "За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юмуу дургүй хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий" гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торондоо төмсөө хийж дууссаны дараа багш нь "Одоо та нар төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хүртэл авч яваарай." гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтсон хугцааа болж багшийг ангид оров уу үгүй юу л "Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна. Багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж, ядарч байна." гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж: "Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг юм гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучилна гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм" гэж хэллээ.


2. Сахиусан тэнгэр

    Дэлхийрүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь Бурхнаас ийн асуужээ: - Намайг одоо дэлхийрүү явуулах гэж байна.  Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан - Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно. - Аа тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ? - Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож яаж ярихыг зааж өгнө. - Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ? - Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш намгүм болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь: Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний схаиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан: - Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг "ЭЭЖЭЭ" гэж дуудаж болно гэжээ.

3. Сайныг сийлж үлдээ

    Энэ түүх хоёр дотны найзын тухай өгүүлдэг юм. Энэ хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ: "Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас татаж гарган аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр "Намайг миний хамгийн сайн найз аварлаа" гэж бичжээ. Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь, "Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ" гэж асуухад нөгөөх нь: "Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ" "Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая." Таны амьдралын хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг.

4. Ааваа уучлаарай

    Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь "Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг" гэж тулгав.Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.  Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт нэг эргэж торч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа. Хэрэгтэй бүхнийг аваад, хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тул авч, замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй. Хаашаа явж байгааг гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юм санжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс нь дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж, орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан, хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв. Оромжны дотор ч шуурч байлаа. Аав нь аль хэдийн даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил, хучлага авчирья гэж бодов. Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бол бүр ч хэлэх ч үг олдсонгүй. Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож, дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй. Ач хүү юу болж байгааг анхаарсангүй. Өвөөгөөсөө сална гэдэг түүнд хэцүү байв. Хүү буцах болоод аавынхаа ор руу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн, тэврэх нь намайг уучлаарай хэмээх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь тийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж чадсангүй. Бяцхан хүү нь "Би ч бас таныг хөгшрөхөд энд орхих юм уу?" гэж асуухад тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив. Оромжинд ороод "Ааваа намайг уучлаарай" гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан чанга уйлж байлаа. Хүү "Ааваа намайг уучил, ийм зүйл хийснийг минь уучлаарай" гэж өршөөл эрэв. Аав нь "Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавыгаа ууланд орхиж байгаагүй, чи ч бас тэгэхгүй.... Намайг энд орхихгүй гэдгийг чинь мэдэж байсан юм" хэмээжээ.

5. Агаарын бөмбөлөг

    Бяцхан жаал агаарын бөмбөлөг заран зогсоо залуу эрийг ихэд шохоорхон харах зуураа, ямар олон бөмбөлөг вэ, надад нэг байдаг ч болоосой гэж бодно. Залуу үүнийг анзаараад жаал руу дөхөхөд жаал хүү зоригоо чангалан: - Ахаа надад нэгийг өгөөч гэж гуйлаа. Бөмбөлөг худалдагч түүнийг нэг сонжин хараад: - Чамд мөнгө байхгүй юм уу гэж тоомжиргүйхэн асуучихаад яваад өгөв. Бяцхан хүүгийн урам хугаран эргээд явж байтал өнөөх бөмбөлөгнүүд залуу эрийн гараас мултран хөөрч орхив. Тэгээд замын хажууд ургасан нэгэн том хөгшин модонд орооцолдоод тогтчихлоо. Хүү бөмбөлөгнүүдийг ажиж зогсоход, нөгөө бөмбөлөг худалдагч: - Хүүе жаалаа гэж дуудаад, чи энэ бөмбөлөгнүүдийг модноос авч чадвал нэгийг нь аваарай гэв. Жаалхүү баярлан гүйж очоод модонд авирлаа. Тэгээд ойрхон байсан нэлээд хэсгийг нь авав. Харин тэр дээр нарийхан мөчир дээр тогтсон нэг бөмбөлөгт хүрч чадсангүй. Хүү, залууд бөмбөлөгнүүдийг өгөөд, - Аль нь минийх вэ, та нэгийг аваарай гэсэн шүү дээ гэв. Залуу доогтой хараад: - Чинийх модон дээр үлдчихлээ жаал минь гэлээ. Хүү санаа алдан модон дээрх бөмбөлөг рүү нэг хараад, за яахав модон дээр байгаа ч гэсэн нэг бөмбөлөгтэй боллоо гэж бодон санаа алдав.

6. Тэг ес хоёрын үлгэр

    Тэгээс арав хүртэлх есөн тоо зэрэгцэн жагсав. Тэгээд есийн тоог ангийн дарга болгов. Нэг өдөр есийн тоо тэгд хандан “ Чи өдөржин бидэнтэй хамт байгаа боловч ямар ч нэмэр алга” гэж хэлэв. Тэг гомдон нулимс унагав. Гэтэл нэгийн тоо “ Чи бусдыгаа дээрэлхэх хэрэггүй “ гэв. Есийн тоо “ Та хоёр нийлээд ч надад хүрэхгүй шүү дээ” гэж хариулав. Тэгэхэд тэг хажуунаас нь “ Харин ч бид хоёр нийлбэл чамаас илүү шүү” гэв. Есийн тоо түүнд итгэсэнгүй. Тэгээд бяцхан хүүхэлдэйг дуудаж аль нь үнэн хэлж байгааг асуув.

7. Бяцхан найзууд

    Борхон ботго гадсаа тойрон буйлна. Таван настай Сувдаа охин гайхан харж зогссоноо:  - Чи юунд мөөрөөд байгаа юм бэ? гэв. Ботго охиныг харж байснаа:   -Тугал мөөрдөг болохоос биш ботго мөөрдөг бил үү? гэв. Бяцхан Сувдаа охин баахан бодсоноо: - Чи яагаад майлаад байгаа юм бэ? гэв. - Хэзээ ботго майлж байсан юм бэ? гэв. Сувдаа охин ботгоны толгойг илж: - Битгий уйл даа. Ээж чинь хаачсан юм бэ? Би дуудаад ирье гэв. - Ээж минь бэлчээртээ байгаа. Халуун нар шараад, ам цангаад байна гэв.

8. Ээжийгээ зүүдлэн нойрсов.

    Шоргоолж тарвасны хэлтэрхий олж үүр уруугаа чирэв. Үүрэндээ орвол авгалдай нь тайван нойрсож байлаа. Тэр авгалдлайгаа тэврэн үнсэж эрхлүүлэв.шоргоолж авчирсан тарвасаа авгалдайдаа өгөв. Бор ходоодоо божийтол хооллосон авгалдай нь инээмсэглэн унтав.
Шоргоолж үлдсэн хэсгийг нь өвлийн хүнсэндээ хэрэглэхээр далд хийв. Тэгээд дахиад л ой уруу гүйв. Харин авгалдай нь ээжийнхээ гарт тэврүүлэнхэн зүүдэлж байв.

9. Эмгэн

    Хүү охин хоёр гудамжаар явж байв. Зам халтиргаа ихтэй байлаа. Тэдний өмнөхөн явж байсан эмгэн халтирч унав. Хүү: “Миний цүнхийг барьж бай“ гэж хэлээд эмгэнд туслахаар гүйв. Хүүг эргэн ирэхэд:
- Энэ хүн чиний эмээ юу? гэж охин асуулаа.Үгүй ээ гэж хүү хариулав.
Ээж чинь юм уу гэж найзыгаа гайхахад хүү:Үгүй гэлээ. Тэгвэл таньдаг хүн чинь юм уу гэсэндҮгүй , үгүй. Зүгээр л нэг эмгэн гэж хүү инээмсэглэн өгүүлжээ
унадаг автобус

10.

Хөл тавих зайгүй
Дүүрэн зорчигч суулгасан
Хөх цэнхэр автобус
Хүнгэнэн дуугарч давхина
Нэгдүгээр ангийн сурагчид
Эхний эгнээнд суужээ
Хоёр гуравдугаар ангийнхан
Хойно хойноосоо дараалжээ.
Дунд ангийн сурагчид
Дундуур хавьцаа тухалжээ
Арын хэдэн суудал
Ахлах ангийнханд оногджээ.
Алгын чинээ мэлхийнээс
Атан тэмээ, анааш хүртэл
Суугаагүй амьтад бараг л алга.
Сургууль даяараа багтсан байна.
Бэлтгэл ангийн хэрэмнүүдийг
Бодон гахайнууд тэвэрцгээжээ.
Хойгуур тухлах үнэгний
Хормой дор нь хулганууд байна.
Завсар зайг ашиглая гэх шиг
Зараа ч бөөдийтэйгөө хоргоджээ.
Арслан, бар, ирвэс гурав
Арваад тахиаг тэвэрчээ.
Усан гахайнууд унтаагаараа
Баавгайн өвөр дээр эрхлэн байна
Долоо найман сармагчин
Дээврийн хөндлөөс зүүгджээ
Хөх ишиг хургатай хамт
Хөндий олоод тухалжээ.
-Орох зайгүй боллоо гэж
Орилж загнадаггүй жолоочтой
-Чи мөнгөө төлсөнгүй гэж
Чимхэж зоддоггүй кондуктортой
Сургуульдаа яарсан амьтдыг
Саадгүй тухтай хүргэдэг
Сурагчдын суусан автобус
Сунаж тэлдэг бололтой.
-Унааны мөнгөгүй яана даа гэж
Айж эмээхийн зовлонгүй
Урд хаалгаар зүтгэнэ гэж
Арга хайхын тачлангүй
Мөнгө хураагч үнэгнээс
Бултана гэхийн түгшүүргүй
“Дөнгө зүүсэн” мэт явдаггүй
Жолооч чононд гомдолгүй
Удсаар хоцорсоор очоод
Ухна багшид загнуулахгүй
Даарч хөрсөөр улайж
Баяны гаварт шоолуулахгүй
Сургуульдаа хүрэхээс өмнөх
Мянган зовлонг үүрэлгүй
Сурагчдын автобусанд суугаад
Магнай тэнийн баярлах
Ойн хэдэн амьтад
Онцын азтай хүүхдүүд
Өөрсдийн энэ автобусаа
Өргөөшөө ч уртаашаа ч
Тэлдэг л гэж боддог
Тэгэхээс аргагүй санагддаг.
Эрдэмд шамдсан хүүхдүүдийг
Эрхэмлэж хүндэлдэг жолоочтой
Ирээдүй болсон багачуулыг
Инээж тосдог кондуктортой
Сурагчдын энэ автобус
Сунадаг юмаа, сунадаг юм.


No comments:

Post a Comment